Thursday, November 15, 2007

ТӨСӨЛ гэж юу вэ?

Төсөл гэдэг нь хувь хүн юм уу аль нэг албан байгууллагын хийх гэж буй шинэ ажил санааг бодитоор түрслэн нь үзүүлэхэд оршино.
Төслийн онцлого тал нь тэр хийх гэж буй ажилд учирч болох хор уршиг муу нөлөөг урьдичлан харж чаддагаараа онцлого юм аа.

Wednesday, November 14, 2007

Tuesday, November 13, 2007

чимээгүй тахал

ьдугаар зууны иргэдтэй хөл нийлүүлэн орж ирсэн Азийн ханиад, ДОХ гэх мэтийн олон олон шинэ өвчин бий. Өнөөдөр энэ өвчнөөр арван секунд тутам нэг хүн нүд аньж хоёр хүн шинээр өвдөж байгаагаас үзэхэд хурдан түргэн тархаж буй цар хүрээгээрээ ч, шууд үхэлд хүргэх магадлалаараа ч хамгийн аймшигтай өвчин бол яах аргагүй чихрийн шижин.

ДОХ гэгч гайхал өнгөрсөн зууны наяад оны үед гарч ирэхэд бид гэнэт ихэд цочирдонгуй хүлээж авсан бол чихрийн шижин өвчин бидний дунд чимээгүйхэн хаалга цохилгүй орж ирчихээд гай тотгороо тарьж эхэлснийг хэн ч анзаараагүй, мэдээгүй явсаар өдий хүрсэн байна. Чихрийн шижин гэсэн онош тавигдвал та ДОХ-ын адил өөртөө хэзээ ч эдгэхгүй өвчин тусчээ гэж ойлгож болно. Давуутай тал нь гэвэл халдвартай биш. Одоогоос хориодхон жилийн өмнө анагаахын дээдийн нэг оюутан чихрийн өвчнөөр мэргэших санаатай дадлага хийхээр Улаанбаатарын гурван том эмнэлгээр орсон боловч ийм төрлийн өвчтөн олдоогүй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн Улаанбаатарт ийм өвчтэй хоёр мянгаад хүн эмчийн хяналтад байдаг ба цаана нь хөдөө орон нутагт болоод оношлогоонд ороогүй учраас өөрсдөө ч өдий хүртэл өвчилснөө мэдээгүй яваа хүн 100 гаруй мянга байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь манай насанд хүрсэн хүн амын найман хувь гэсэн үг. Германы хүн амын 12, АНУ-ын хүн амын найман хувь нь ийм өвчинтэй гээд бодохоор манайх энэ өвчлөлөөр өндөр хөгжилтэй орнуудын түвшинд цохиж явна. Ийнхүү чихрийн шижингээр өвдөгсдийн эгнээ хааяагүй бараг геометрийн прогрессоор хүрээгээ тэлж байгаа учраас НҮБ-ын Ерөнхий чуулганаас 61 дугээр тогтоол гарч энэ жил дэлхийн улс орнуудад чихрийн шижинтэй тэмцэх өдрийг өргөн хүрээтэй тэмдэглэхийн хамт цаашид Засгийн газрууд энэ асуудалд анхаарлаа тавихыг уриалсан байна.

Чихрийн шижин гэгч энэ ад зэтгэрийн хорлолд "идүүлж" эхэлснээ хүмүүс тэр дороо мэддэггүй нэлээд цаг хугацаа алддагаараа ихээхэн зовлон шаналал дагуулж ирдэг муу ёрын гайхал. Ам цангаж, амархан ядарч туйлдахаас өөр өвдөх зовиур байдаггүй учир бид түүнийг ердөө анзаарч хайхардаггүй. Тэр тусмаа эрүүл мэнддээ анхаардаггүй, хэр баргийн юмыг тоодоггүй, хэнэггүй монголчууд бидний дунд аль хэдийнэ өвчин нь хүндэрчихсэн яваа хүн цөөнгүй байдаг байна. Нэг л мэдэхэд таны хөл чинь хуруунаасаа эхлэн харлаж, ялзарч эхлэх, эсвэл нүд чинь бүрэлзэн юм харахаа больж эхэлсэн байх вий. Эсвэл бөөр юм уу зүрхийг чинь энэ гайхал аль хэдийнэ атгаад авчихсан байх нь энүүхэнд.

Өнөөдөр дэлхийд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 250 сая дөхөж, ойрын арван жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэх ба тархцаараа эхний тавд орж байна. АНУ-д энэ өвчтөнүүдийн эмчилгээнд жил бүр 150 тэрбум шахам доллар зарцуулдгаас үзэхэд ямар их эдийн засгийн хор хөнөөлтэй болохыг бас харж болно.

Саахар хэвийн хэмжээнээсээ өндөрссөнөөс цус өтгөрч, нарийхан хялгасан судаснууд захаасаа бөглөрдөг тул дараа, дараагийнхаа эд эрхтэнд нөлөөлж эхэлдэг байна. Хамгийн нарийн судастай эд эрхтэн бол мэдээж зүрх, бөөр, тархи, хараа, сонсголын эрхтнүүд. Ганцхан жишээ татъя. Өнөөдөр манай орон болоод дэлхий нийтэд хамгийн их тархсан өвчин бол зүрх судасны өвчин. Энэ өвчнөөр манай гариг дээр жилд 18 сая орчим хүн нүд аньдаг ба тэдний гуравны нэг нь чихрийн шижнээс үүдэлтэй гэсэн ДЭМБ-ын судалгаа дүгнэлт гарчээ. Ийнхүү зүрх, бөөрний дутагдлаар хорвоог орхигсдын цаана чихрийн шижин гэгч "нууц ноёнтон" сууж байдаг боловч үхлийн эцсийн оношинд барагтай бол нэр нь дурдагдалгүй өнгөрч чаддаг гайхал аж. Жилд ДОХ-оор хоёр сая, сүрьеэгээр гурван сая орчим хүн нас бардгаас үзэхэд чихрийн өвчнөөс үүдэлтэй цаашаа харагсад хамаг олны анхаарал татаж буй дээрх хоёр "мундаг" өвчинд нэрвүүлэгсдийг нийлүүлснээс хавьгүй хол давж байна.

Хормой хотны бузар, цадиг замбараагүй явдлаасаа болж хүн төрөлхтөн бурхнаас ДОХ-оор шийтгүүлсэн гэдэг юм билээ. Тэгвэл тарган мах, тансаг идээ зооглоцгоож, зөөлөн буйданд бясаа мэт шигдэцгээснээс өөхлөн мяраалж, чихрийн шижин тусах нөхцөлөө тун сайн бүрдүүлсэн гэж ярьдаг нь оргүй зүйл бас биш бололтой. Хөдөөгийн борви бохисгүй амьдралаас хот суурин газрын Австралийн "залхуу сармагчин" мэт хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маяг руу хэлбэрэлтгүй шилжиж буй энэ эрин үед хүүхэд багачуудаа ядаж өглөө бүр нэг сайн суниалгаж байхгүй бол горьгүй болох нь "эцэг, эхчүүд ээ. Мөн энэ өвчнийг баячуудын өвчин гэж ойлгож байсан бол одоо бүр хоол унд хомс ядуусыг ч мөн хоморголон нэрвэх болсон нь сэтгэл зовнихгүй байхын аргагүй.

Чихрийн шижин нь нойр булчирхайнаас ялгарах инсулин гэгч саахар задлагч фермент ажиллагаагүй болсноос үүдэн цусанд их хэмжээний саахар хуримтлагдсанаас үүсдэг өвчин. Инсулин хэмээхэнэ бодисыг анх лабораторид гаргаж авсан эрдэмтэн нэгэнт найдваргүй болсон олон хүний амь амьдралыг уртасгах боломж олгосныхоо төлөө цагтаа Нобелийн шагнал хүртэж байжээ.

Харах нүдний нь мэлмий үүрд хаагдсан гурван хүний нэг нь мөн л чихрийн шижин өвчтэй улсууд байдаг талаар гавьяат эмч Баасанхүү гуай нэг удаа ярьж байсан. Ингээд бодохоор энэ өвчтэй хүмүүсдээ төрөөс анхаарах цаг одоо нэгэнт болсон гэж бодогдоно.

Чихрийн шижин өвчинтэй тэмцэх талаар дэлхий нийтэд хандсан Винсентийн тунхаглал гэж бий. Энэ тунхаглалд чихрийн шижинтэй хүмүүсийг сүрьеэ, ДОХ, бусад халдварт өвчин туссан хүмүүсийн адилаар үнэгүй эмчлэх тухай заалт байдаг. АНУ ийм өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилж байхыг хуульчилж, жилд нэг өвчтөнд мянгаас доошгүй доллар төсвөөс зарцуулдаг аж

Манай Эрүүл мэндийн яам одоо хүртэл чихрийн шижинтэй тэмцэх тусгай бодлого, хөтөлбөргүй байгаа нь өвчтөнүүддээ тун бага анхаарал тавьж буйн илрэл.
Олон улсын байгууллагын шугамаар хөөцөлдөж байж Диабетийн холбооноос босгосон ганц төвийг нь энэ жил хааж орхисон нь төр өвчтөнүүдээ бүр гаргуунд нь хаяж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Зөвхөн манай дүүрэгт л гэхэд эмчийн байнгын хяналтад байдаг чихрийн шижинтэй 300 гаруй хүн бий. Эдгээрийн дөнгөж гуравны нэг нь л эм тариагаар хагас хугас хангагддаг. Тусад нь төсөвлөсөн мөнгө байдаггүй, үнэгүй эмийн жагсаалтад оруулан хэдхэн төгрөг баталж өгдөг. III эмнэлгээс наашаа харьяаллын дагуу гэдэг шалтгаанаар 40 гаруй хүнд өвчтөнг хоёр жилийн өмнө шилжүүлсэн мөртлөө төсвийг нь нэмж өгөөгүйгээс эм тарианы хангамж хаанаа ч хүрэхгүй байна. Хэвтүүлэх гэхээр эмнэлэгт ор олддоггүй, эмчилгээний үнэ өртгөөс нь айгаад зах зээлийн энэ үед тэд нарыг авах газар даанч алга. Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, ажилгүй, ядуу хүмүүс сар бүр 30-60 мянган төгрөгөөр инсулин худалдаж авч тариулаад байх ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Харсаар байтал хөл нь хуруунаасаа ялзарч, нүд нь сохорч, зүрх, бөөрний нь үйл ажиллагаа өдрөөс өдөрт муудаж эхэлж байгаа хүмүүсээ бид яах ёстойгоо мэдэхгүй байна гэж СХД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч Нарантуяа ярьсан юм.

Аль ч улс оронд чихрийн шижинтэй хүмүүст зориулж саахар орлуулагчтай хүнсний зүйл байдаг ба тэр нь үнийн хувьд жирийн хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээс хямд төсөр юм билээ. Манайд харин байдал эсрэгээрээ. УИХ-ын гишүүн Тэрбишдагвын эзэмшдэг "ТБД андууд" дэлгүүрийн тоотойхон хэдэн варень, жигнэмгийг эс тооцвол өөр хаана ч ийм тусгай зориулалтын хүнс байдаггүй, өөр өрсөлдөгч өнөөдөр Монголд үгүй тул эрхэм сайд хүнснийхээ үнийг нь чухам тэнгэрт хадаасан байдаг. Монголчууд бидний хоол хүнсэнд гурилан бүтээгдэхүүн тэргүүн байр суурьтайг харгалзан үзэж, улсаас зохих нөхөн төлбөр өгч байгаад ч болов Улаанбаатарын хэмжээнд ядаж ганц боовны цех ажиллуулж хэдэн өвчтөндөө ялангуяа чихэрлэг зүйлд дуртай өвчтэй хүүхдүүддээ буян үйлдэхсэн.

Шинэ Ерөнхий сайд минь, танаас л аврал эрье. Таны хурц мэлмий, мэргэн ухаанд л найдан хүлээе. Төрөөс тусламж хүссэн хүмүүс өвчиндөө шаналан чимээгүйхэн хорвоог орхисоор бaйна шүү.

Vнэгvй сурах нэгэн боломж

2001 оны дєрєвдvгээр сард АНУ-ын Массачусетс технологийн их сургууль боловсролыг дэмжих нээлттэй сургалтын хєтєлбєрийн талаар олон нийтэд анх мэдээлжээ. Тус сургууль 2002 оны есдvгээр сард сургалтын хєтєлбєртєє багтдаг хичээлvvдээ дэлхий нийтэд ил болгосон. Энэхvv хєтєлбєртэй интернэтээр аялсан хэн боловч танилцах боломжтой юм. Боловсролыг дэмжих нээлттэй сургалт олон хvний сонирхлыг татсан хэвээр.



Залуу эрдэмтэд ,эрдэм шинжилгээний ажилтан залуу судлаачид бvтээлээ ирvvллээ. Тус холбооны дэд салбарууд болох хэл утга зохиол соёл, тvvх археологи, хууль зvй, эдийн засаг, сэтгvvл зvй, улс тєр социологи, философи гэсэн vндсэн чиглэлvvдийн хvрээнд МУИС, МУБИС, Улаанбаатар ИС, Хvмvvнлэгийн ИС, Цагдаагийн академи, СЭЗДС, ШУА-ийн хэл зохиолын хvрээлэн, тvvхийн хvрээлэн, археологийн хvрээлэн, философи социологийн эрхийн хvрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний тєв, Бээжингийн Тєвийн vндэстэний ИС зэрэг олон байгууллагад сургалт эрдэм шинжилгээний ажил эрхэлж байгаа залуу эрдэмтэд оролцлоо.

Шилдэг илтгэлээр "Монгол уран зохиолын туурвилзvйн онолын тогтолцоо" илтгэлээр МУИС-ын багш Г.Галбаяр нэгдvгээр байр, СЭЗДС-ийн багш Г.Нарантунгалагийн "Бизнесийн байгууллагуудыг эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжилтнvvдээр хангах мэдээлэл зуучлалын тогтолцоо" илтгэл II байр, залуу эрдэмтэн Б.Баясахын "Эргvнэ-Кvнээс Дарлекин монголчуудын гарсан он цаг, шалтгааны асуудал" гутгаар байрт тус тус шалгарлаа.